Аль-Жазера агентлагийн сэтгүүлч Филиппа Стевард Монголын талаар хурц шүүмжлэлт нийтлэл бичжээ.



201499142415510734_20

Монголд эдийн засаг огцом өсч байсан цаг саяхан. Гэвч оновчтой төлөвлөгөө дутмаг байгаагаас Монголын эмзэг, буурай гэр бүлүүд амьдралын төлөө тэмцэхэд хүрчээ. Нийслэл Улаанбаатар хотын захад оршин суудаг Ц. Алтанзул гэдэг эмэгтэй хүүхдүүдийнхээ хамтаар монгол гэрт амьдардаг.
Улаанбаатар хотын 1,3 сая хүн амын 800 мянган нь гэр хороололд амьдардаг байна. Оросуудын урц гэж нэрлэдэг энэ сууцад Монголын уламжлалт хэв маяг шингэсэн ч тав тухгүй. Энд дэд бүтэц, усны шугам байхгүй учраас байнгын оршин суухад төвөгтэй.



Сүүлийн жилүүдэд нүүдэлчин Монголчууд уламжлалт амьдралын хэв маягаасаа таслагдаж, уул уурхайн баялгаа ихээр олборлох болсон юм. Гэвч Алтанзулд саяхныг болтол Монголд өрнөж байгаа үйл явдал, эдийн засгийн өсөлт сонин зүйл мэт санагддаггүй байжээ.



"Бид тэр мөнгөний үр өгөөжийг хүртээгүй. Баян, хоосны ялгаа улам газар авч байгааг бид харж байна. Өвлийн хүйтэнд хүүхдүүдээ хоол унд, дулаан хувцсаар дутаачих вий гэж санаа зовж байна" хэмээн зургаан хүүхдийн ээж энэ бүсгүй ярьсан юм.



201499142415510734_20
Алтанзулын нөхөр элэгний хатуурлаар нас баржээ. Архины хэрэглээ өндөртэй Монголд элэгний өвчлөл нь нийтлэг өвчин юм. Түүний нөхөр нь хөнгөвчлөх эмчилгээнд хамрагдаж чадахгүй байсаар эхнэр, 3-17 насны зургаан хүүхдээ орхиод гэртээ тэнгэрт хальжээ. "Том охиноо ажилтай болгох нь бидний гол найдвар болоод байна. Ингэж байж л дүү нартаа идэх хоол олно" гэв.



Засгийн газраас сар бүр хүүхдүүдэд 11 доллар олгодог ч юмны үнэ, валютын ханш өссөнөөс болоод энэ мөнгөөр хүнсээ ч авч хүрэлцэхгүй болжээ. Алтанзулынх шиг олон айл өдөр тутмынхаа хэрэглээг яая гэж байгаа учраас ирээдүйдээ зориулж нэг ч төгрөг хадгалж чаддаггүй юм.



"Монголчуудын гэнэт өсөн дэгжих гэсэн хандлагаас болоод асуудал хүндэрч байгаа шинж тэмдэг ажиглагдаж байна. Бидэнд өөрсдөдөө итгэх итгэл алга. Ирээдүйд юу болохыг огт мэдэхгүй. Бүх зүйлийг зарж, шавхаж байгаа учраас ирээдүйн баталгаа гэж алга" хэмээн эдийн засагч Х.Батсуурь Аль-Жазерад ярьсан билээ.



Эдийн засагт ан цав үүссээр



"Аж үйлдвэрийн салбар ДНБ-ийн зөвхөн 5-8 хувийг бүрдүүлж байна. Эдийн засаг улам хэврэгшиж, сүйрэхэд ойрхон байна. Уул уурхайгаас хараат болсон бид уламжлалт эдийн засаг, амьдралын хэв маягаасаа татгалзсан. Байгалийн баялаг шавхагдаж байгаа тухай хэн ч бодохгүй байна. Үйлдвэрлэл шиг шавхагдашгүй нөөц баялаг гэж үгүй. Тиймээс бид бусад салбарт хөрөнгө оруулах хэрэгтэй" хэмээн Х.Батсуурь ярив.

Засгийн газрын алдаа

Монголын нийгмийн эмзэг хэсгийг авч явах менежмент алга байгаа нь илэрхий харагдаж байна. Ихэнх ээж, аавуудад хүүхдээ хараад гэртээ суух уу, эсвэл ирээдүйдээ итгэлтэй болохын тулд илүү мөнгө олох ажил хийх үү гэсэн хоёр сонголт тулгардаг.



В.Чанцалдулам гэдэг гэр хороололд амьдардаг нэгэн бүсгүй хувийн нэгэн эмнэлэгт өдрийн 12-14 цаг ажилласныхаа төлөө 191 долларын хөлс авч байна. Тэр 5-6 насны хоёр охиноо хамаатнууддаа орхиод ажилдаа явдаг юм. "Бид заримдаа баян хүмүүст атаархдаг ч хүүхдийнхээ сайн сайхны төлөө ажиллах ёстой гэдгээ ухаардаг" хэмээн Чанцалдулам ярив.