Жак Ма нь Марк Цукерберг, Жефф Безо нар шиг алдар цуугаа АНУ-д мандуулаагүй байгаа ч удахгүй юм өөрчлөгдөх нь ээ.

Хятадын жижиг бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлтэй холбож өгөх зорилготой интернэт худалдааны Алибаба (alibaba.com) сайтыг үүсгэн байгуулахаар 15 жилийн тэртээ Ма өөрийн хэсэг найз нарыг өөрийн гэртээ цуглуулж байжээ. Харин өдгөө 600 сая интернэт хэрэглэгчтэй Хятад улсад Алибаба сайт нь интернэт худалдааны хамгийн том сайт болжээ.

Харин энэ долоо хоногт Алибаба сайт нь өөрийн хувьцаагаа олон нийтэд зарж эхэлснээр (IPO хийснээр) 21 тэрбум долларыг хөрөнгийн зах зээлээс босгож түүхэнд болж байгаагүй хамгийн өндөр дүнтэй арилжааг хийж магадгүй болоод байна. (Жич: Өчигдөр компанийн зүгээс хувьцаагаа иргэдэд арилжаалж эхэлсэн бөгөөд 68 доллароор санал болгож байсан хувьцаа нь 93,89 доллар хүрч 38 хувиар ханш нь өсчээ). Тус компанийн хөрөнгийн зах зээл дээрх үнэлгээ нь 160 тэрбум доллар давж магадгүй байгаа нь eBay-с хоёр дахин Amazon-с бага зэрэг давсан үнэд хүрэхээр болж байна. (Жич: өчигдөрийн байдлаар буюу 9 сарын 19-нд тус команийн хөрөнгийн зах зээл дээрх үнэ нь 231 тэрбум доллар хүрчээ.)

Олон нийтэд хувьцаагаа борлуулж олсон мөнгөөрөө тус компани өөрийн үйл ажиллагаагаа АНУ болон бусад орны зах зээл дээр өргөжүүлэх ажилд зориулах нь байна. Олон нийтэд хувьцаагаа зарж эхэлснээр түүний хувийн хөрөнгө ч нэмэгдэх нь байна. Bloomberg-н тооцсоноор тэрээр 21,9 тэрбум долларын хөрөнгөтэй болох нь.

Тэр энэ их амжилт, хөрөнгөөрөө цаашид юу хийх бол? Үүнд хариулт болохуйц түүний туулж өнгөрүүлсэн хүн үнэмшимгүй зарим нууцыг дэлгэе.

1. Тэрээр Англи хэлний багш хийж ажлын гараагаа эхлүүлжээ

Ма тийм ч онцгой оюутан байгаагүй. Тэр математикдаа шальдаггүй байсан бөгөөд өөрийнх нь хэлснээр “хамгийн муу их сургууль” болох орон нутгийнхаа их сургуулийн элсэлтийн шалгалтанд хоёр ч удаа тэнцээгүй байна. Залуу байхдаа тэрээр Англи хэлэнд шамдан суралцсан бөгөөд ярианы дадлага хийхийн тулд зочид буудал руу 40 минут дугуйгаар явж очдог байсан байна. Хожим нь тэр их сургуульд Англи хэлний багшийн ангид тэнцсэн байна.

“Сургуулиа төгссөн 500 оюутнаас их сургуульд багшлах эрхийг би ганцаараа олж авсан. Миний сарын цалин 100-120 юань буюу 12-15 орчим доллар байлаа. 5 жил сурч төгссөнийхөө эцэст би үргэлж зочид буудлын ч юм уу ямар нэгэн бизнес эрхэлнэ гэж мөрөөддөг байлаа. Би зүгээр л ямар нэгэн юм хийхийг хүсч байсан” гэж тэрээр 2008 онд 

Inc

 сэтгүүлд өгч байсан ярилцлагадаа дурджээ.

2. Хятадад интернэт хэрэглээг оруулж ирэх Магийн аян 1995 оноос эхэлжээ.

1995 онд тэрээр найзынхаа гэрт буудаллан Сиэтлээр аялсан өгөөд тэр л үед World Wide Web-тэй (Интернэт) анх танилцсан байна. Тэрээр “пиво” гэдэг үгийг онлайнаар хайж үзсэн боловч Хятадаас ямар ч илэрц байхгүй болохыг олж мэджээ. Хятадад эргэж ирээд энэ байдлыг өөрчлөхөөр анх China Pages гэдэг вэб сайтыг дараа нь Алибаба сайтыг ажиллуулах болжээ. 

3. Тэр эхнээсээ л Цахиурын хөндийн аварга компаниудтай (Amazon, Apple, Microsoft гэх мэт) өрсөлдөхөөр шийдсэн байлаа.

1999 онд ажилтнуудтайгаа хийж буй хурал дээр Алибаба-гийн талаар Ма “China Pages-д ажиллаж байх үеээсээ л би бидний өрсөлдөгч нар бол дотоодын вэб сайтууд биш харин гадаадын вэб сайтууд юм. Бидний өрсөлдөгчид Хятадад биш харин Америкийн Цахиурын хөндийд байна. Бид тэднээс эрч хүчтэй ажиллах хүсэл тэмүүллийг нь сурах хэрэгтэй байна” гэж хэлж байжээ.

 

  
Энэ зорилгодоо хүрэхийн тулд Алибаба-г Ма олон улсын хэмжээний компани байдлаар зах зээлд таниулсан бөгөөд хөрөнгө санхүү сайтай, олонд танигдсан ямар ч өрсөлдөгч компанитай үзэлцэхээс зайлхийдэггүй байлаа. Тэр шууд нүүр тулан өрсөлдөх замаар сүүлийн үед Алибаба-гийн үйл ажиллагааны цар хүрээ рүү өрсөлдөн орж ирж байсан eBay-г зогсоож чадсан юм. Тэр хожим энэ талаар “Хэрэв eBay далайн акул юм бол бид нар Янжи голын матар юм” хэмээн хэлж байлаа.

Алибаба-гийн IPO хийх материалд хавсаргасан хөрөнгө оруулагч нарт илгээх захидалдаа Ма тус компанийн өрсөлдөх чадвар, гарал үүслийн талаар:

Алибаба нь зүгээр л нэг технологийн шийдлүүд эсвэл авъяаслаг залуучуудын нэгдлийн үр дүнд бий болоогүй. Ирээдүйдээ итгэлтэй, Интернэтийг ил тод, шударга, бүгдэд хүртээлтэй байх ёстой гэсэн тууштай итгэл үнэмшил бүхий олон арван сая хэрэглэгчдийн оролцоотойгоор Бид энэхүү экосистемийг бий болгоод байна.

Эдгээр хүмүүс хамтдаа цаг, эрч хүч, урам зоригоороо энэхүү экосистемд хөрөнгө оруулалт хийснээрээ өнөөдөр дэлхий ертөнц эдгээр хүмүүс ямар амжилтанд хүрснийг харах боломжтой боллоо. Гэж дурдсан байна.

4. Тэр програмист биш. Тэр технологийг тэгтлээ ашиглаад байдаггүй.

Дэлхий дээрх хамгийн том технологийн компаниудын нэгийг үүсгэн байгуулсан ч гэсэн Ма нь техникт гарамгай нэгэн биш юм. Бүр эсрэгээрээ:

“Би ахлах сургуулийн багш хүн. Би технологийн талаар юу ч мэдэхгүй, миний компьютер ашиглах үедээ хийж чадах зүйл бол ердөө л е-мэйл илгээх, хүлээн авах болон интернэт үзэх юм” хэмээн Чарли Рөүзд өгсөн нэгэн ярилцлагадаа тэр хэлж байжээ.

2012 онд Businessweek сэтгүүлд түүний талаар бичихдээ “Ма нь технологийн талаар нэг их сонирхоод байдаггүй. Тэр интернэтээр зугаалах, найз нь iPad-нд нь Америкийн Телевизийн шоу татаж суулгах зэрэгт цаг зарцуулаад байдаггүй. Харин оронд нь покер, уламжлалт эмчилгээ гэх мэт бусад хоббигоо хөөгөөд явчихдаг” хэмээн тодорхойлжээ.

5. Тэр авъяаслаг жүжигчин.

Түүний эцэг эх нь Хятадын уламжлалт хүүрнэн өгүүлэх “Пингтан”-ы жүжигчид байсан юм. Ма ч мөн тэднийхээ олон нийтийн өмнө жүжиглэх дур сонирхлыг нь өвлөн авсан гэдэг нь харагддаг.

6. Жак Ма нь тулааны урлагт дур сонирхолтой нэгэн

Хүмүүс түүний амьдрал болон бизнесийн стратегид тулааны урлаг, кунг-фү хэрхэн нөлөөлснийг тэр бүр мэддэггүй. Тулааны урлаг нь зөв, тэгш байхад сургадаг тул түүний үзэл бодол төлөвшихөд ч гол нөлөөгөө үзүүлсэн гэж нэрээ нууцлахыг хүссэн Ма-гийн нэгэн дотны хүн The Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Ма мөн өөрийнхөө талаар хэрэв өөр цаг үед төрсөн бол цэргийн хүн болох байсан гэж нэгэнтээ хэлж байжаа. “Би дайны үед төрсөн ч болоосой. Би генерал болох байсан. Би дайны үеээр юу хийж чадах байснаа бодож үзсэн” хэмээн тэр өгүүлжээ.

7. Тэр алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс эмээдэггүй.

Ма сүүлийн үед хэд хэдэн удаа би “Алибаба: 1001 алдаанууд” гэсэн ном бичихийг хүсч байна хэмээн үнэнээсээ хошигнон хэлсэн байна.

“Бид маш хурдан өргөжсөн бөгөөд дараа нь .com –н хямрал болж бид үйл ажиллагаагаа зогсоох шаардлагатай болсон юм. 2002 онд бидэнд ердөө л 18 сар тэсч байх хэмжээний мөнгө байсан. Манай сайт үнэгүй бүртгүүлсэн олон хэрэглэгчтэй байсан бөгөөд бид яаж орлого олохоо мэдэхгүй байв. Тэр үед бид Хятадын экспортлогчид Америкийн худалдан авагч нартай онлайнаар чатлах шинэ үйлчилгээгээ нэвтрүүлсэн юм. Энэ л биднийг аварч гарсан. 2002 оны сүүлч гэхэд бид 1 долларын ашиг хийсэн бөгөөд энэ нь цаашид жил бүр нэмэгдсэн юм” хэмээн Inc сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Ма өгүүлжээ.

8. Тэр хөрөнгө оруулагч нарыг тэгтэл нь өргөмжлөөд байдаггүй

Тэр хөрөнгө оруулагчдад тэгтэл нь ач холбогдол өгдөггүй талаараа олон удаа хэлж байсан. Чарли Рөүз-д өгсөн ярилцлагадаа, “Алибаба хямралд өртөж байх үед зарим хөрөнгө оруулагчид биднийг орхин явж байсан. Харин энэ үед хэрэглэгчид болон ажилтнууд маань хавьгүй үнэнч байсан” гэж хэлж байжээ. IPO хийх бичиг баримтуудад хавсаргасан хөрөнгө оруулагч нарт хандсан захидалд ч энэ талаар мөн адил дурдсан байна.

“Бид Харилцагчдыг нэгд, Ажилтнуудыг хоёрт харин Хөрөнгө оруулагчдыг гуравт тавих болно” гэж би олон дахин хэлэх болно. Анх удаагаа үүнийг сонсож буй хөрөнгө оруулагчид ойлгоход хэцүү гэдгийг би мэдэж байна гэсэн байна.

“Энэ компанийг хариуцан ажиллаж байгаагийн хувьд Алибабагийн хувьцаа эзэмшигчдэд урт хугацаанд үр ашигтай ажиллахын тулд бид харилцагч нартаа тууштай үйлчлэх ёстой гэдэгт бид итгэдэг” хэмээн Ма тодотгон хэлжээ.

Хоёрт нь бид ажилтнууддаа голлон анхаарах болно. Учир нь мэдлэгт суурилсан эдийн засаг тогтож буй өнөөгийн үед харилцагч нараа халамжлахад манай ажилтнууд хамгийн гол үүрэгтэй. Ур чадвар өндөртэй, хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун, уйгагүй, урам зоригтой ажилтнууд үгүй бол бид харилцагч нартаа үйлчилгээгээ үзүүлж огт чадахгүй юм. Ажилтнууд урам зориггүй бол харилцагч нар сэтгэл ханамжгүй байх бөгөөд цаашилбал хувьцаа эзэмшигчдэд ч үр ашиггүй байх болно.

9. Ма нь өдгөө Хятадын хамгийн баян хүн болоод байгаа бөгөөд дэлхийн 50 баян хүний жагсаалтанд багтсан байна.

Сарын 15 долларын цалинтай ажиллаж байсан багшийн хувьд чамгүй амжилт шүү.

 

 


10. Тэр сүүлийн үед хүрээлэн байгаа орчин болон боловсролын асуудалд илүүтэй анхаарах болсон

Боловсрол хүрээлэн байгаа орчны асуудалд илүүтэй анхаарах хандуулах үүднээс тэрээр өнгөрсөн жил Алибабагийн ТУЗ-н даргын албан тушаалаасаа бууж Гүйцэтгэх Захирал болсон хэдий ч тэрээр хамгийн том хувьцаа эзэмшигчийн хувьд ТУЗ-н даргын нэгэн адил аливаа ажилд идэвхийлэн оролцож байна. Ялангуяа Хятадын хамгийн хүнд асуудал болоод байгаа агаарын бохирдолтой тэмцэж өсвөр үеийн ирээдүйг хамгаалах ажилд Ма идэвхийлэн оролцох болсон байна.

“Ундны ус, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлаас болоод арав хорин жилийн дараа гэхэд Хятадад хавдар гэх мэт өвчин түгээмэл болох нь байна. Тиймээс би үүнтэй тэмцэхэд өөрийн хөрөнгө болон цаг хугацааг зарцуулах болно” хэмээн the Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа тэр хэлжээ.

Эх сурвалж: http://mongo.mn/