Г.Бямбацэрэн, Г.Болормаа, Б.Лхамноржмоо, В.Хажидмаа нарын зохиосон Монгол хэл II сурах бичиг 2015 онд 2 дахь удаагаа 55858 хувь хэвлэгджээ.

“Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавигдах шаардлага” /MNS5418:2008/ стандартын 5.4.1-д “Танин мэдэхүйн тухайн түвшинд тохирсон хэл найруулгын болон зөв бичих дүрмийн алдаагүй, найруулга нь зөв оновчтой, товч тодорхой, энгийн ойлгомжтой, эмх цэгцтэй байна” гэж заасан байдаг.

Гэтэл бага боловсролын сургалтад хэрэглэж байгаа 2 дугаар ангийн монгол хэлний сурах бичигт энэхүү заалт биеллээ олсонгүй. “Номын алдаа” гэхэд зөөлдмөөр, зохиогчийн алдаа гэхэд хатуудмаар зөв бичигдээгүй үг олон байна. Анхнаасаа буруу хэрэглээд сурчихвал залруулахад хэцүү. Хэл шинжлэлийн үндсэн ойлголтыг олгодог хичээлийн сурах бичиг гэхэд тун хариуцлагагүй ажиллажээ.

Эх хэлний сургалтын стандарт, бага боловсролын зорилго, хамгийн сүүлд УИХ-аас батлагдсан Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод л гэхэд ”Бага боловсролыг хүүхэд бүрийн хэрэгцээ, сонирхол, авьяас чадварын онцлогт тулгуурлан эх хэлээрээ зөв ярьж, уншиж бичиж ойлгодог, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлдэг сурах арга барилд дадаж хэвшсэн монгол хүүхэд төлөвших үе хэмээн хөгжүүлнэ” хэмээн заасан байдаг.

Эдгээр зорилго амьдрал, бодит байдал дээр биеллээ олж байна уу?

Сурах бичигт зөв бичих дүрмийн болон цэг тэмдгийн алдаатай, олон тооны нөхцөлийг давхардуулан, буруу хэрэглэсэн найруулгын алдаа бүхий үг, өгүүлбэр олон байгааг харахад “алдаагүй” гэж хамгаалах, “алдаатай” гэж шүүмжлэхийн аль нь зөв болохыг тодруулах шаардлага гарна. Тодруулъя:

-Олон тооны нөхцөлийг давхардуулан хэрэглэсэн: бид нар/хуу20/, бүх түшмэдүүддээ/хуу99/ гэх мэт. Гэтэл энд “би, түшмэл”-ганц тоо, “бид, түшмэд”-олон тоо, “бид нар, түшмэдүүд”-олон тоо+олон тоо, бүх түшмэдүүдээ гэхэд бүр олны утга илэрхийлсэн гэж үзэх үү?

-Олныг заасан утгатай үгийн дагуул үгийг мөн олон тооны нөхцөлөөр хувиргасан: бүх амьтдын/хуу38/, олон амьтад/хуу70/, олон амьтад/хуу72/, ямар ямар амьтад/хуу73/, эдгээр амьтад/хуу76/, зарим хүүхдүүд/хуу106/, олон төрлийн шувууд, бусад шувууд/хуу136/, олон газрууд/хуу141/, олон тагжгарууд/хуу142/, хэсэг шувууд/хуу150/ гэх зэрэг жишээ олон байгаа нь бидэнд энгийн, зөв бичлэг мэт санагдах болсон нь харамсалтай. Үнэндээ “бүх амьтан, эдгээр амьтан, зарим хүүхэд, олон төрлийн шувуу...” гэх зэргээр бичих нь зүйтэй гэдгийг хүүхдүүдэд ойлгуулсангүй.

-Зөв бичих дүрмийн алдаа бүхий: цээж авна-чээж/хуу25/, шүүс руу-рүү/хуу38/, тараг эсгэдэг хөрөнгө/хуу39/, өөрий нь хэл-өөрийнх нь/хуу75/, гахайн тоорой-торой/хуу86/, жирвэгнэх-жирвэгэнэх /хуу87/ гэх мэт олон жишээ дурдаж болохоор байна. Мөн бичлэг тогтоогүй өөрөөр бичсэн “хорилдой/хуу71/-хоролдой/хуу73/, “оготнын-оготны/хуу76/, дэгдний/хуу149/-дэгдийн/хуу150/” зэргийг нэг мөр болгохгүй бол хүүхэд санаснаараа бичээд байхад л зөв болох магадлалтай болжээ.

Цагаан тал гэж юу байж болох уу? Ямар ямар үр мэдэх үү? Тэр үрийг цагаан талдаа суулгасан, суулгана гэж яахыг хэлэх үү?/хуу53/, Цасан дээр мөр гаргахаар ямар сэтгэгдэл төрдөг үү?/хуу54/ гэсэн утга тааруу асуултуудыг та уншаад үзээрэй. Энд ямар алдаа байгааг харж, ялгаж байна уу?

Зөв бичлэг нь мэдээж “болох вэ?, мэдэх вэ?, хэлэх вэ?, төрдөг вэ?” юм. Гэтэл дуудлагаараа ийнхүү бичсэн нь тун харамсалтай. Ядарч байгаа байхдаа-байх даа/хуу65/, юмаа-юм аа/хуу99, 131/ гэх зэрэг алдаагаа ч хянасангүй.

-Цэг тэмдгийг буруу, дутуу бичсэн/хуу 42, 72, 72, 72, 75, 75, 75, 97, 117, 118, 119, 121/, цэг тэмдэг илүүдүүлсэн /хуу 62, 74, 77, 77, 77, 77, 99, 131/ болон гарчигт цэг тавьсан жишээ олонтоо тааралдана.

Мөн нэмж хэлэхэд II ангид “Тайлбар толь бичиг ашиглаж сурцгаая” хичээлээр толь бичгүүдийн талаар, тэдгээрийг хэрхэн хэрэглэх талаар заадаг. Гэтэл сүүлийн үед яригдаад байгаа бүх нийтийн хэрэгцээг хангасан цахим тайлбар толь болох “Монгол хэлний их тайлбар толь”-ийн зарим үг нь сурах бичиг болон “журамласан 700 үг”-ийн бичлэг зөрүүтэй байгаа нь хүүхдэд эргэлзээ төрүүлэх болжээ. Тухайлбал: Журамласан үг болон сурах бичигт “адасга”/хуу109, 110/, “сармис”/82/ гэж бичсэн бол тайлбар тольд өөрөөр бичжээ. Үүнийг дагаад эх хэлний зохисгүй хэрэглээ ч нэмэгдэх магадлалтай.




Хүүхдүүддээ “номын алдаа” гэж тайлбарладаг байсан бол нэмээд бас “толийн алдаа” гэж хэлэх болжээ дээ. Манайд ер нь алдаагүй, хариуцлагатай хийгдсэн юм байна уу?

Ж.Хишигжаргал