ДЭЛХИЙ ДАХИНД: АЙДАС ДЭЛГЭЦНЭЭ

Та зориуд айхын тулд цаг зав, мөнгөө үрэх болов уу? Хүн аз жаргал, амар тайвныг л эрэлхийлдэг баймаар атал чухам яагаад айдас хүйдсийг өөртөө зориуд дуудна гэж? Хүний мөн чанарын адармаатай талыг илтгэх сайх асуултаас аймшиг хэмээх кино урлагийн нэгэн онцгой төрөл жанр урган гардаг. Энэ удаад бид эл өвөрмөц төрөл жанрт хамаарах дэлхийн болон дотоодын кино урлагийн товч тоймыг хүргэж байна. Нийтлэлийн эцэст та харин дээрх асуултын хариуг өөрөө эргэцүүлнэ биз ээ.

Францад ах дүү Льюмер анхны киногоо үзүүлсэн 1896 онтой зэрэгцэн Жорж Милес “Чөтгөрийн эдлэн” (Le Manoir du Diable) нэртэй 3 минут үргэлжлэх кино хийсэн нь дэлхийн кино урлагт анхны аймшгийн кино хэмээн бүртгэгджээ. Кино урлаг анх үүссэн цагаас хүмүүний сонирхлыг татах бүхий л чиглэлийн бүтээлүүд төрж байсны нэг жишээ нь энэ юм. Цаашлаад кино урлагийн хөгжлийн эхний хэдэн жилд “Доктор Жэкил болон Ноён Хайд” (Dr.Jekyll and Mr.Hyde, 1908), “Франкштэйн” (Frankstein, 1910) зэрэг утга зохиолын сонгодог туурвилуудыг аймшгийн кино болгон дэлгэцэнд хөрвүүлэх явдал элбэг байв. Дэлхийн I дайны дараачаас Германы экспрессионист кино уран бүтээлчид аймшгийн киноны хойшдын хөгжилд гүнзгий нөлөө үзүүлэхүйц шидээвэр бүтээлүүд туурвисан нь өдгөө ч үнэ цэнэ, ач холбогдлоо алдаагүй. Тухайлбал цус сорогч Дракула гүнгийн тухай суут найруулагч М.Ф.Мурнаугийн “Носферату” (Nosferatu, 1922) киног жишээ болгон дурьдаж болно. Техникийн боломж хомс үед бүтээгдсэн сайх бүтээл бүх цаг үеийн хамгийн чансаатай аймшгийн киноны тэргүүнд өдгөө ч нэрлэгдсээр байна.

Носферату,  1922

Носферату, 1922

Ерөнхийд нь тоймловол 1950-иад оныг хүртэл кино урлагийн түүхэнд тодорч үлдсэн дийлэнх аймшгийн кинонууд аймшгийн сэдэв, элементийг драм, романстай хослуулсан готик хэв маягийн бүтээлүүд зонхилж байв. 1950-иад оноос эл байдал өөрчлөгдөж тухайн цаг үеэсээ хол, сонгодог өгүүлэмж ул болж аймшгийн кинонууд орчин цаг, энгийн хүмүүсийн ахуйг түлхүү тусгах болов. Өмнө цус сорогч, хүн-чоно зэрэг аймшигт араатан, аймаар дүр зургаар үзэгчийг айлгахыг зорьдог байсан бол эл үеэс аймшгийн кино хүний сэтгэл зүй рүү хүчтэй яргах болсон бөгөөд кино урлагт гарсан техникийн дэвшлээс шалтгаалан энэ төрлийн кинонууд улам бодитой, илүү аймшигтай болон хувьсаж байлаа. Кино урлагт сэтгэлзүйн аймшгийн төрөл жанр бүрэлдэхэд найруулагч Альфред Хичкогийн оруулсан гавьяа үлэмж их. Энэ төрөлд түүний “Солиот” (Psycho, 1960) кино сонгодог жишээнд тооцогддог.

Солиот киноны хамгийн алдартай хэсэг

Солиот киноны хамгийн алдартай хэсэг

1970-иад он гэхэд аймшгийн киноны үйлдвэрлэл улам өргөжсөөр дотроо эл жанр улам нарийсан төрөлжиж, олон чиглэлээр хөгжих болсон юм. Энэ үед бага зардлаар хийгдсэн аймшгийн кинонууд ихэд дэлгэрэхийн сацуу Стэнли Кубрик (Shining,1980), Роман Полански (Rosemary’s Baby, 1968) зэрэг нэр хүндтэй найруулагчид аймшгийн төрөл жанраар өдгөө сонгодогт тооцогдох кинонуудаа хийсэн байдаг. Мөн аймшиг, триллер төрөл жанраар дагнан бичдэг Стивен Кинг зэрэг зохиолчдын зохиолоор кино хийх явдал олширч байлаа.

Гялбаа киноны хэсгээс

Гялбаа киноны хэсгээс

1980-1990-иэд он бол видео киноны цаг үе байв. Мөн кино урлагт компьтер график өмнө байгаагүй боловсронгуйгаар хэрэглэгдэх болсон цаг. Эл цаг үе, техникийн дэвшил аймшгийн киноны төрөл жанрт нөлөөлсөн нь мэдээж. Өмнө гарсан амжилттай төслүүд болох “Элм гудамжны аймшиг” (Nightmare on Elm Street), “Халловин” (Halloween) зэрэг кинонуудыг техникийн дэвшлийг ашиглан шинэ түвшинд ахин хийж байв. Мөн энэ үед сэтгэцийн өвчтэй алуурчин өсвөр насны хүүхдүүдийг ангуучлан олноор нь алж буй агуулга голчилдог “Slasher” төрлийн аймшгийн киноны хамгийн амжилттай цуврал төсөл “Хашгираан” (Scream) гарч байлаа.

2000-иад оноос хойш Ази тэр дундаа Япон, Солонгос, Зүүн өмнөд азийн сэтгэлзүйн аймшгийн кинонууд дэлхийн зах зээлд амжилттай нэвтэрч, “Азийн аймшгийн кино” гэсэн нэн шинэ ангиллалыг үүсгэж, энэ төрөлд толгой цохих болсныг уншигчид гадарлах биз ээ.

Өдгөө бол аймшгийн гэх төрөл жанр биеийн аймшиг (Body Horror), адал явдалт аймшиг (Action horror), сэтгэхүйн аймшиг (Psychological horror), Слашер (Slasher horror), Готик (Gothic horror), Зомби (Zombie horror) зэрэг 10 гурай дэд жанраар салаалан хөгжиж, төрөл тус бүр дээр үзэгчдийн сонирхлыг татсан амжилттай төслүүд олноор хийгдэх болжээ.

Аймшгийн киноны түүх ийн зузаарах тусам айдас үзэгчид рүү улам л ойртож, аймшгийн зураглал, хийц маяг улам бодитой, боловсронгуй болж, аймшгийн киноны агуулга, тайлал улам нарийн, улам ухаалаг болсоор байна.

МОНГОЛЫН АЙМШГИЙН КИНО ӨНӨӨ ҮЕД

Дэлхийн дахинд тэр дундаа өрний орнуудад аймшгийн киноны төрөл жанр кино урлагийн үүсэлтэй зэрэгцэн тасралтгүй хөгжсөөр өдий хүрсэн байдаг. Харин манай орны хувьд ондоо дүр зураг үзэгдэнэ. Социализмын үед кино үйлдвэрлэлийн гол зорилго бол социалист үзэл суртал, бүтээн байгуулалтыг ухуулан таниулах явдал байлаа. Тийм цагт аймшгийн кино хөгжих орон зай байгаагүй нь тодорхой. 1979 оны “Бушхүүгийн үлгэр” кинонд хар цагаан үстэй, духан дээрээ аалзтай чөтгөр гардаг нь тэр цагийн кинонд үзэгдсэн цор ганц аймшгийн зураглал байв.

1990 он гарч кино үйлдвэрлэл төрийн мэдлээс гарч үзэл суртлаас чөлөөлөгдсөнөөр монголын кино урлагт аймшгийн киноны төрөл жанрын хувьд цоо шинэ түүх эхэлсэн юм. 1993 оны “Алт амилах цаг” кино эл түүхийн эхний шанг татав. Цаашлаад 1999 онд сүнстэй нөхцсөн хөдөөх эрийн тухай “Диваанжингаас амьдрал хүрэх зам” кино гарав. Монголын аймшгийн киноны түүхийн эхэн үеийг гэрчлэх сайх хоёр бүтээлд сүнс сүүдэр гардаг боловч гол шугам нь драм байснаараа онцлогтой.

Харин 2000 онд гарсан “Ядуугийн зовлон” бол аймшгийн төрөл жанрыг бүрэн төлөөлөх анхны кино юм. 2004 онд энэ чиглэлээр “Улаан ой” кино хийгдсэн нь төдийлөн амжилт олоогүй. 2007 онд “Хана” хэмээх аймшгийн кино гарсан нь дотоодын зах зээлд дэх аймшгийн киноны эрэлтийг мэдэрч, сонирхогчийн түвшинд, бага зардлаар хийгдсэн чамгүй амжилттай төсөл болж, ялангуяа арван жилийн хүүхэд залуус ихэд сонирхон үзэж байв. Сайх киноны хоёрдугаар анги “Нууц ажиллагаа” нэртэйгээр гарч байлаа. 1990-2010 он хүртлэх 20 жилийн хугацаанд дотоодын кино зах зээлд ердөө зургаан аймшгийн кино хийгдсэн нь тоо болоод чанарын хувьд ч чамлалттай үзүүлэлт.

2010 оноос монголын аймшгийн кино арай өөр шатанд дэвшсэн гэж болно. “Дэв” хэмээх зураглаачийн ажил, жүжигчдийн хувьд мэргэжлийн түвшинд хийгдсэн, “03:30” гэж сонирхол татахуйц зохиолтой хоёр аймшгийн кино 2010 онд нэгэн зэрэг гарсан билээ. Тэр бол Азийн аймшгийн кинонууд тухайн орныхоо төдийгүй дэлхийн зах зээлд ид хүчээ авч цахиур хагалах болсон үе, тиймээс ч монголын үзэгч залуус тэдгээрийг сонирхон үзэж буй нь энэ төрөл жанрын киног хүлээж авах үзэгчдийн хүрээлэл бий болсныг кино бүтээгчид мэдэрсэн явдал биз ээ. Нэр дурьдсан хоёр киноноос азийн аймшгийн киноны нөлөөлөл илтэд ажиглагддаг.

Дэв киноны хэсгээс

Дэв киноны хэсгээс

2013 онд богино киногоороо үзэгчдэд танигдсан найруулагч Б.Чингүүн “Дуудлага” нэртэй сэтгэхүйн аймшгийн кино хийсэн нь энэ төрөл жанрын тааруухан оролдлого болсон. Тухайн оны сүүлээр “Хөлтрөг”, “Зоорь” хэмээх хоёр ч аймшгийн кино шил даран гарч байв. “Хөлтрөг” кино олны танил жүжигчдийг тоглуулж, зураглаач, компьютер графикийн давгүй шийдлийг үзүүлсэн боловч зохиол нь сул байснаас сайн кино болж чадаагүй. Удаах кино болох “Зоорь” багагүй амжилт олж тухайн ондоо 156 сая төгрөгийн орлого олсон нь дотоодын аймшгийн киноны түүхэн дэх хамгийн их ашиг олсон тохиолдол болов уу. Тус киног аймшгийн төрөл жанраар дагнан бичдэг Ц.Ууганбаярын ижил нэрт өгүүллэгээс сэдэвлэн хийжээ. “Зоорь” киноны баг 2015 онд “Хүүхэлдэй” нэртэй аймшгийн кино гаргасан нь энэ төрлөөр дагнан ажилладаг киночид бий болох эхлэл тавигдсаныг гэрчилж байна.

Юутай ч дотоодын зах зээлд аймшгийн төрлөөр хийгдэх кинонууд олширч, тодорхой ашиг олох болсон нь нэг хэрэг, харин одооны тэдгээр кино чансааны хувьд хэр байгааг асуух үзэгчид олон байх.

Аймшгийн киноны гол зорилго бол үзэгчийг айлгах. Энэ зорилгодоо хүрэх арга хэрэгсэл, кино бүтээх орц, найрлага нь ч харьцангуй тодорхой. Аймшгийн кинонд уур амьсгал буюу атмосфер бүрдүүлэлт маш чухал. Үүний тулд тусгай эффект, компьютер граффик, дууны найруулга зэрэг элементүүдийг сайтар ашиглах шаардлага гардаг. Мөн киноны үйл явдал урьдчилан таахын эцэсгүй нууцлаг, санаандгүй оромгүй эргэлтээр баялаг байх ёстой. Мөн айлгах гол хэрэгсэл болох аймшгийн дүр, үүнээс улбаалаад нүүр хувиргалт, дүр хөгжүүлэлт мөн чухал болно. Товчоор бусад төрөл жанртай харьцуулбал сайн хийц, сайтар боловсруулсан ухаалаг зохиол аймшгийн кинонд зонхилох үүрэгтэй байдаг. Манайд бүтээгдэж буй аймшгийн кинонууд хийцийн хувьд ур чадвар дутаж болхиддог тал байна. Эсвэл зохиолууд нь төдийлөн сонирхолтой биш.

Гэхдээ манай аймшгийн кино бүтээгчдэд нэг том давуу тал бий. Энэ төрлийн кино үзэгчдийн ахуй, амьдралтай ойр байх тусам айлгах хүч нь ихэсдэг онцлогтой. Тиймээс ердөө монголд бүтээгдсэн болохоор л монгол үзэгчдэд гадаадын ижил төрлийн зарим киноноос хувь илүү аймаар санагдах давуу талтай. Энэ утгаар бол “Ядуугийн зовлон”, “Зоорь” кинонуудын болхи хийц бодитой уур амьсгалыг төрүүлж тэр хэрээр үзэгчдийг айлгахад нөлөөлсөн байх магадлалтай. Тиймдээ ч “Дэв”, “Дуудлага” зэрэг кинонуудтай харьцуулахад эх чансаагаар илүү болжээ.

zoori-poster (2)

Энэ төрлийн монгол кинонуудын айлгах нийтлэг элемент нь гагц “сүнс” байна. Буддын шашин зонхилдог улс орны үзэгчдэд үйлийн үр, сүнсний тухай ойлголт ойр тусах нь мэдээж тул цаашид ч эл байдал өөрчлөгдөхгүй биз ээ. Тэгээд ч холливуд зэрэг өрнийн кино зах зээлд цус сорогч, зомби зэргээр тэртээ тэргүй ханатал нь айлгаж байхад монголчууд ижил төрлийн кино хийнэ гэвэл тэнэглэл болно.

Нэг үе тэр чигтээ аймшгийн кино үзэж дадаагүй, эл төрөл жанрын киноноос онхи таслагдсан болохоор одоохондоо дотоодын үзэгчдийн эрэлт зөвхөн залуусаар хязгаарлагдаж байна. Үе солигдох тусам цаашид аймшгийн киноны үзэгчид ихсэх нь тодорхой юм. Юутай ч дотоодын кино зах зээлд аймшгийн төрөл жанр алгуурхан боловч ахицтай хөгжиж байна. Мөн бид энэ төрлөөр өөрсдийн ёр билэг, домог зүйн сэтгэлгээ рүүгээ гүнзгий хандвал үндэсний онцлогт аймшгийн кино ч бүтээж болохыг үгүйсгэхгүй. Аймшгийн төрөл жанрын тодорхой онцлогоос шалтгаалан энэ төрлийн кино бүтээгчдэд дотоодын зах зээлийг бүрэн байлдан дагуулах, амжилт олох боломж улам өргөжих хандлагатай байна. Тиймээс аймшгийн төрлийн чансаатай киног эх орондоо үзэх цаг холгүй биз ээ♦

J.Tegshzaya